Фермерүүд үр тариандаа бяцхан мэдрэгч суулгаж байна гээд төсөөл дөө. Эдгээр мэдрэгчүүд ургамлын эрүүл мэндийг сайжруулах өгөгдлийг дамжуулах боломжтой. Ургамалд зориулсан мэдрэгчид аль хэдийн туршигдаад эхэлсэн бөгөөд 2023 оны Дэлхийн эдийн засгийн форумын шилдэг шинэ 10 технологийн нэгт багтсан. Жил бүр ДЭФ ирэх гурваас таван жилд дэлхий ертөнцөд эерэг нөлөө үзүүлэх шийдлүүдийг тодорхойлдог. Мэдээж хэрэг энэ нь амаргүй ажил. Гэхдээ энэхүү хөтөлбөр чамгүй үр дүнд хүрсэн. 2011 оны уг жагсаалтад гений инженерчлэл, CRISPR-Cas9 гэх мэт хүмүүсийн төдийлөн мэддэггүй технологиуд багтаж байв. Дөрөвхөн жилийн дараа CRISPR нь Нобелийн шагнал хүртсэн бөгөөд өнөөдөр шавж болон ган гачигт тэсвэртэй үр тарианы төрөл гарган авахад ашиглагдаж байна. ДЭФ-ын 20 улс орны 90 судлаачаас бүрдсэн баг 2023 оны шилдэг 10 технологийг танилцуулж байна.

1. Уян хатан зай

Зай бол технологийн ертөнцийн үнсгэлжин юм. Зай асар их ач холбогдолтой ч төдийлөн үнэлэгддэггүй. Зайны технологид гарах дэвшил нь бидний ажиллаж, хөдөлмөрлөх хийгээд тоглож наадах хэв маягийг бүхэлд нь өөрчлөх боломжтой. Уян хатан зайн тухай арваад жилийн турш ярьж байгаа ч одоог хүртэл олон нийтийн хүртээл болж чадаагүй байна. Гэвч энэ нь ирээдүйд өөрчлөгдөх боломжтой бөгөөд хэд хэдэн төрлийн уян хатан зайг хөгжүүлж байна. Эдгээр нь дамжуулагч полиметр гүйдлийн коллекторт байрлуулсан лити-ион эсвэл цайр-нүүрстөрөгчийн системд суурилдаг. Яагаад энэ технологи ингэж их сэтгэл татна вэ? Уян хатан зай нь эмнэлгийн зүүдэг төхөөрөмж, био-анагаах ухааны мэдрэгч, уян дэлгэц, ухаалаг цагны хөгжлийг хурдасгаж чадахаас гадна дизайны салбарыг хувьсган өөрчлөх боломжтой.

2. Генератив хиймэл оюун ухаан

ДЭФ жагсаалтад багтсан бусад технологиос ялгаатай нь GenAI аль хэдийн олонд танигдсан. 2022 онд OpenAI ChatGPT нээлтээ хийж, хэдхэн долоо хоногийн дотор 100 сая хэрэглэгчтэй болсон билээ. ChatGPT болон бусад ижил төрлийн платформууд текст, компьютерын программчлал, зураг, дуу хөгжим бүтээх чиглэлд ахиц дэвшил гаргаж байгаа бол GenAI нь эм үйлдвэрлэл, архитектур, инженерчлэл гэх мэт ирээдүйд чухал ач холбогдолтой салбарт ажиллаж байна. Жишээлбэл, НАСА-гийн инженерүүд сансрын нислэгт зориулсан тоноглол бүтээх зорилготой хиймэл оюун ухааны системийг туршиж байна. Хиймэл оюун ухаан ашигласнаар судалгаа хөгжүүлэлтийн хугацааг 10 дахин бууруулж чадна гэж тэд үзэж байна. Эрдэмтэд GenAI-ийн тархины үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, хүний бодлыг зураг хэлбэрээр илэрхийлэх туршилт хийж байгаа нь бүр ч гайхалтай.

3. Тогтвортой агаарын тээврийн түлш

Нүүрсхүчлийн хийг бууруулах хүчин чармайлтын нэг том асуудал нь агаарын тээвэр билээ. Агаарын тээвэр хүн төрөлхтний ялгаруулж буй нүүрсхүчлийн хийн 3%-ийг эзэлдэг ч автомашинаас ялгаатай нь ойрын хугацаанд цахилгаан эрчим хүч рүү шилжих боломжгүй юм. Ялангуяа холын зайн нислэгүүд маш их түлш шатаадаг. Харин одоо боломжит шийдэл бодит болоход ойрхон байна. Агаарын тээврийн тогтвортой түлшийг (SAF) хэрэглээнд оруулахад одоогийн нисэх онгоц болон бусад тоног төхөөрөмжид томоохон өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд биомасс, нүүрсхүчил, ногоон устөрөгч, ургамлын тос, амьтны өөх тос гэх мэт олон аргаар гаргаж авах боломжтой. Түүхий эдийг задлахад инженерийн аргаар боловсруулсан бактерийг ихэвчлэн ашигладаг. Өнөөдөр тогтвортой агаарын тээврийн түлш нь дэлхийн онгоцны түлшний хэрэглээний нэг хүрэхгүй хувийг бүрдүүлдэг. Гэвч хэрэглээ нь хурдтай нэмэгдэж байна. Үйлдвэрлэлийн хэмжээ нэг жилийн дотор гурав дахин нэмэгдэж, 2022 онд 300 сая литрт хүрсэн. Их Британи улс АТТТ ашиглан атлантын далай дээгүүр анхны нүүрстөрөгч ялгаруулаагүй нислэг хийхээр бэлтгэж байна.

4. Фаг

Фаг нь бактери руу халдварлаж, түүний дотор үрждэг нэгэн төрлийн вирус юм. Хэрэв бид фагуудыг удирдаж чадвал малын өсөлтийг сайжруулж, ургамлын өвчнийг эмчилж, хүнсний аюултай бактерийг устгах боломжтой. Эрдэмтэд фагийг дахин программчлах синтетик биологийн хэрэгслийг боловсруулж байна. Ингэж нянгийн үйл ажиллагааг өөрчилж, эмчилгээний молекул үүсгэх эсвэл тодорхой эмд мэдрэмтгий болгодог. Фагууд аль хэдийн ажилдаа орсон. АНУ-ын Хүнс ба эмийн агентлаг гэдэсний савханцраар үүсгэгддэг цус задралыг (HUS) эмчлэх фагийн туршилтыг зөвшөөрөөд байна.

5. Сэтгэцийн эрүүл мэндэд зориулсан метаверс

Metaverse нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд асар их шуугиан дэгдээсэн ч интернэт худалдаа, энтертайнментаас хэтрээгүй. Харин одоо сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахын тулд виртуал ертөнцийг ашиглах талаар сонирхож байна. Метаверсээр дамжуулан хүмүүс нэг нэгэнтэйгээ холбогдож, сэтгэл заслын явуулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд энэ чиглэлд олон стартап шинээр бий болоод байна. Жишээлбэл TRIPP компанийн бүтээл Mindful Metaverse нь VR-ийн тусламжтайгаар бясалгалын зааж байна.

6. Ургамлын зүүдэг мэдрэгч

Хөдөө аж ахуйд мэдээллийн технологийн хувьсгал өрнөж байна. Тариаланчид үр тарианыхаа эрүүл мэндийг үнэлэх, ургамлын гарцыг сайжруулах, хортон шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд алгоритмын шинжилгээг ашиглах болсон. Гэхдээ нарийвчлал муутай хиймэл дагуулын өгөгдөл, мэдрэгчээр тоноглосон дрон зэрэг уламжлалт технологи нь өндөр өртөгтэй, цаг хугацаа шаарддаг сул талтай. Ийм ч учраас ургамал зүүдэг ургамлын мэдрэгчүүд олны сонирхлыг ихээхэн татаж байгаа юм. Энэхүү бичил төхөөрөмжүүдийг ургамалд бэхэлснээр нь температур, чийгшил, шим тэжээлийн түвшнийг тасралтгүй хянах боломжтой.

Гэхдээ мэдээж хэрэг сорилт бий. Уг мэдрэгчийг суурилуулах болон засвар үйлчилгээ хийхэд маш их цаг зарцуулдаг. Гэвч НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 2050 он гэхэд дэлхийн нийтийг тэжээхийн тулд хүнсний үйлдвэрлэл 70 хувиар өсөх ёстой гэсэн дүгнэлт танилцуулсан. Ийм ч учраас хөдөө аж ахуйн салбар дахь технологийн шийдэл бүр нийтийн анхаарлыг татаж байна.

7. Орон зайн омикс

Хүний биед 37.2 их наяд эс байдаг. Тэд биднийг хэрхэн амьд, эрүүл байлгадаг вэ? Энэ асуултад орон зайн омикс хариулах боломжтой. Орон зайн омикс гэж юу вэ? Эрдэмтэд эрхтэнийг зөвхөн нэг эсийн зузаантай хувааж, дараа нь зүсэм бүрийн тодорхой биомолекулуудын байршлыг дүрслэн харуулахын тулд орон зайн омиксийг ашигладаг. Энэ нь эсийн бүтцийг урьд өмнө хэзээ ч харж байгаагүйгээр нарийвчлах боломжийг олгодог. Эрдэмтэд туршилтаар хулганын гэмтсэн нугасны мэдрэлийн эсийн хэсгийг тодорхойлж, эдгэрэлтийг түргэсгэж чадсан. Хавдар, Альцхеймер, үе мөчний артерийн судасны өвчлөлийг болон өөр бусад олон өвчнийг эмчлэх боломжтой.

8. Уян хатан мэдрэлийн электрон төхөөрөмж

Тархи хэмээх машины бүтэц уран зөгнөлт зохиолыг санагдуулдаг. Тэгвэл энэ машиныг бид өөрсдийн хүссэнээрээ удирдана гэдэг үнэхээрийн гайхалтай хэрэг. Энэ чиглэлд аль хэдийн ихээхэн ахиц дэвшил гараад эхэлжээ. Тархины компьютерын интерфейстэй (BMI) төстэй системийг унаж татах өвчний эмчилгээ болон хиймэл эрхтийг удирдахад ашиглаад эхэлсэн. Энэ чиглэлд удаан хугацаанд оршиж буй асуудал нь суулгац өөрөө юм. Суулгацууд нь хатуу материалаар хийгддэг, нугалах боломжгүй учраас тархины хөдөлгөөнд саад учруулдаг. Уян хатан био материал сонирхол татаж, зөнөх, аутизм зэрэг мэдрэлийн эмгэгийг арилгах боломжтой гэж найдаж байна.

9. Тогтвортой компьютер тооцоолол

Бид ТВ, цахим шуудан, сошиал медиа гэх мэтчилэн үүлэн технологид суурилсан эрин үед амьдарч байна. Эдгээр үйлчилгээ нь хүн төрөлхтний нийт цахилгаан эрчим хүчний 1%-ийг хэрэглэдэг дата төвүүдээр дамжин хүрдэг. Тэгвэл энэ хэрэглээг бид бууруулж чадах уу? Үүнийг шийдэх хэд хэдэн арга зам бий. Жишээлбэл, Стокгольм хот дата төвүүдээс ялгаруулдаг дулааныг халаалтын системдээ ашиглаж байна. Үүний зэрэгцээ Google нь дата төвүүдийнхээ эрчим хүчний хэрэглээг 40 хувиар бууруулахын тулд хиймэл оюун ухаанаар ажилладаг эрчим хүчний менежментийг ашиглаж байна.

10. Хиймэл оюун ухааны тусламжтай эрүүл мэндийн үйлчилгээ

Сая сая хүмүүсийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний нэг том саад нь зохион байгуулалт юм. Эмнэлгүүд нөөцөө үр ашигтай хуваарилж чадахгүйгээс хүлээлгэ, дараалал үүсэх нь элбэг. Асар их хэмжээний “эмх замбараагүй” өгөгдлийг ангилах нь хиймэл оюун ухааны хамгийн сайн чаддаг зүйл. Тиймээс одоо хиймэл оюун ухаан эрүүл мэндийн үйлчилгээг эрс сайжруулах боломжтой гэж үзэж байна. Канадын Medical Confidence компани өвчтөний хүлээлгийн хугацааг хэдэн сараас долоо хоног болгон бууруулж чадсан. Хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний үр нөлөө хөгжиж буй орнуудад хамгийн чухал байх болно.