Холбооны нөөцийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Бен Бернанке 2014 онд зээл авах хүсэлт гаргасан ч түүний хүсэлт буцаагджээ. 2.3 сая ам.долларын хөрөнгөтэй хүний хувьд энэ нь ихээхэн хачирхалтай явдал. Асуудлын гол нь Бернанке зээлийн хүсэлтийн маягт дах ажил мэргэжил гэсэн хэсгийг чөлөөт уран бүтээлч хэмээн бөглөжээ. АНУ-ын зээлийн зэрэглэл тогтоох агентлагуудын хувьд чөлөөт уран бүтээлч нь өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг.

Барнанкегийн түүх 1950-иад онд бий болсон зээлийн зэрэглэлийн тогтолцооны хязгаарыг бидэнд харуулж байна. Ийм алдаатай систем төлбөрийн чадвартай олон зээлийн хүсэлт гаргагчийг буцааж, санхүүгийн байгууллагуудын боломжит орлогыг хумсалж байгаа. Өнөөдөр технологийн салбарт гарсан томоохон дэвшлүүдийн ачаар илүү их өгөгдөл ашиглан тухайн иргэний зээлжих зэрэглэлийг тодорхойлох боломжтой болсон.

Технологийн салбарын дэвшил гэдэг нь гарцаагүй хиймэл оюун ухаан. Хиймэл оюун ухаан хэдэн сая өгөгдлийг шинжлэх судалж, хэн сайн зээлдэгч, хэн муу зээлдэгч байж болохыг тодорхойлж чадна. Upstart, Zest Finance зэрэг компаниуд хиймэл оюун ухаанд суурилан зээл олгож байна. Гэхдээ хиймэл оюун ухааны санхүүгийн салбарт үзүүлэх нөлөө нь зөвхөн зээлжих зэрэглэлээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  • Цахим баталгаажуулалтыг сайжруулна
  • Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэнэ
  • Санхүүгийн бүтээгдэхүүнийг хувьд хүнд зориулан загварчилна
  • Хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулна
  • Бичиг баримтыг уншина.

Дээр дурдсан жишээ нь айсуй их давлагааны ердөө л өнгөн хэсэг билээ. Хиймэл оюун ухаанд суурилсан финтехийн зах зээл 2030 он гэхэд 40 тэрбум ам.долларт хүрнэ гэж Grand View Research төв таамаглаж байна.

Өнгөрсөн онд нээлтээ хийсэн ChatGPT хоёрхон сарын дотор 100 сая хэрэглэгчийг татаж чадсан. Харин Инстаграм ийм амжилтад хүрэхийн тулд 2 жилийг зарцуулсан билээ. ChatGPT онигоо ярьж, нийтлэл, шүлэг бичиж чадна. Гэхдээ энэ бол энгийн хэрэглэгчдийн л харж буй үр дүн. Тэгвэл Generative AI буюу бүтээгч хиймэл оюун ухаан үүнээс ч хавь илүү ихийг хийж чадна. Голдман Сакс компанийн судалгаагаар хиймэл оюун ухаан ирэх 10 жилд дэлхийн ДНБ хэмжээг 7 хувиар нэмэгдүүлэх гэнэ. Энэ нь 7 их наяд ам.доллартой тэнцэнэ.

Хиймэл оюун ухаан санхүүгийн салбарт юу хийж чадах вэ?

1. Хэрэглэгчидийн хөтөч

Олон банк аль хэдийнээ хиймэл оюун ухаанд суурилсан ботын тусламжтайгаар хэрэглэгчидийн асуултад хариулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах болжээ. Яриа таних технологи энэ талбарын бүтээмжийг улам ч нэмж байна. Хэрэглэгчид асуудлаа бичих биш ярих болсноор цаг хугацаа хэмнэж, сэтгэл ханамж нь дээшилдгээс гадна цахим үйлчилгээнд төдийлөн итгэлгүй хэрэглэгчдийн итгэлийг нэмдэг байна.

2. Сэтгэл хөдлөлийн шинжилгээ

Хэрэглэгч ууртай байна уу? Хиймэл оюун ухаанд суурилсан ботууд энэ асуултад хариулж чадна. Хариулахаас гадна уурлаж бухимдсан хэрэглэгчийг тайвшруулах хариу үйлдэл үзүүлж чаддаг.

3. Алдаа илрүүлэх

Хиймэл оюун ухаан асар их хэмжээтэй өгөгдлийг уншиж, уншсан зүйлийнхээ ерөнхий дүр зургийг гаргаж чаддаг. Ингэснээр санхүүгийн систем дэх ямар нэг ер бусын үйл ажиллагааг буюу залилан, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэх боломжтой.

4. Хэрэглэгч бүрд зориулан загварчилсан бүтээгдэхүүн үйлчилгээ

Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хамгийн том мөрөөдөл нь хэрэглэгч бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэх юм. Тэгвэл хиймэл оюун ухааны тусламжтайгаар энэ боломж нээгдэж байна. Хиймэл оюун ухаан хэрэглэгч бүрийн түүх, зан авир, зайлсхийдэг эрсдэл зэргийг судалж, түүнд зориулсан хөрөнгө оруулалт, хадгаламж, зээлийн үйлчилгээ санал болгох чадвартай.

5. Бичиг баримт цэгцлэх

Банкны гэсэн хаягны ардах асар их цаг зав шаардсан арын ажлыг хиймэл оюун ухаан хөнгөвчилнө. Банк бүр бүтцэд оруулсан болон оруулаагүй асар их хэмжээний архивтай. Өмнө нь хэрэгтэй мэдээллээ олж авахын тулд ажилтнууд энэ их бичиг баримт дотор сэлэхээс өөр аргагүй болдог байсан. Харин одоо энэ ажлыг хиймэл оюун ухаан хавьгүй хурдан хийх боломжтой боллоо. Тэр зөвхөн бичиг баримт цэгцлээд зогсохгүй тайлан бичиж ч чадна.

6. Дүрс таних

Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид дүрс болон видеотой тогтмол ажилладаг. Жишээлбэл, даатгалын компанийн нэхэмжлэлийн эсвэл банк иргэний мэдээллийг шалгах процессыг нэрлэж болно. Тэгвэл одоо эдгээр ажлыг хиймэл оюун ухаанд даатгах боломжтой боллоо.