Биткойн болон өөр олон арван койн гэх мэтээр мөнгөний шинэ төрлүүдтэй бид хэдийн танилцсан. Тэгвэл сүүлийн үед хувийн компаниуд тогтвортой байлгахын тулд албан ёсны валюттай уясан өөрсдийн гэсэн цахим мөнгийг гаргах болсон мөнгөний бас нэгэн шинэ төрөл болж байна.

Тогтвортой койны олны мэдэх жишээ нь Фейсбүүкийн эцэг компани Метагийн Дием дижитал мөнгөний төсөл юм. Эцэстээ энэхүү төсөл цуцлагдсан ч тусгаар улс орны удирдлагаас ангид “хувийн” мөнгөний шинэ хэлбэрийн боломжийг дэлхий даяар түгэн дэлгэрүүлсэн билээ. Улам бүр хэрэглээнээс шахагдаж буй бэлэн мөнгөний орыг тэгвэл юу залган авах вэ? Нэг боломж нь виртуал дэвсгэрт. Энэ тохиолдолд төв банк дижитал токен хэлбэрээр албан ёсны валют гаргаж, иргэд дижитал хэтэвчээр дамжуулан ашиглах. Үүнийг төв банкны дижитал мөнгө (ТБДМ) буюу central bank digital currency (CDBC) гэж нэрлэдэг. ТБДМ-ийг цаасан дэвсгэртийн адил зөвхөн төв банк гаргаж, хянана. Эдийн засагчид ТБДМ-ийг олон давуу талтай гэж үзэж байна. Үүнд:

  • Эдийн засгийг хянах.

Онолын хувьд ТБДМ-ийг гаргаснаар төв банк бэлэн мөнгө улам бүр шахагдаж буй энэ үед улс орны санхүүгийн дэд бүтцийг хянах боломжтой болох юм. Жишээлбэл, Бахам улс байгалийн гамшгаас учирсан хохирлыг даван туулахын тулд элсэн доллар хэмээн нэрлэсэн дижитал мөнгийг өнгөрсөн онд танилцуулсан. Бахамын эрх баригчид байгалийн гамшигт өртөмхий улсынхаа эдийн засгийг ТБДМ-ийн ачаар эргүүлэн идэвхжүүлнэ гэдэгт итгэж байна.

  • Программчлалын боломж

Цаасан дэвсгэртийг “мангар” гэж хэлж болно. Харин эсрэгээрээ дижитал дэвсгэртийг программчлах боломжтой. Өөрөөр хэлбэл, төв банк тодорхой дүрэм, хязгаарлалтыг дижитал дэвсгэртэд программчлан суулгах боломжтой. Жишээлбэл, хүчинтэй хугацаа эсвэл зөвхөн тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах боломж гэх мэт. Ингэснээр засгийн газар нийгмийн халамж шаардлагатай иргэдэд тусгайлан чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх эсвэл эдийн засгийг хянаж бас идэвхжүүлэх боломжтой.

  • Зардал хэмнэлт

Мөнгийг цахимжуулах нь зардлыг бууруулж, мөнгөний эргэлтийг хурдасгах боломжтой. Жишээлбэл, улс орнуудын хоорондох төлбөр тооцоо эдүгээ ч цаг шаардсан, зардал өндөртэй байна. Судлаачид ТБДМ энэ асуудлыг шийдэж чадна гэж үзэж байна. JP Morgan-ий хийсэн судалгаагаар ТБДМ сүлжээ бий болсноор компаниуд жилд нийт 100 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн гүйлгээний шимтгэлийг хэмнэж чадах аж.

  • Мөнгө угаалт, залилан, хууль бус хөдөлмөрийг бууруулна.

ТБДМ санхүүгийн гэмт хэргийг үлэмж бууруулах боломжтой. Дижитал мөнгө нь бүх л гүйлгээний түүхээ хадгалах боломжтой учраас төв банк мөнгөний урсгалыг хянаж, татвараас зайлсхийх, мөнгө угаах зэрэг гэмт хэргээс сэргийлэх боломжтой. БНХАУ дижитал юанийн төслийн тусламжтайгаар мөнгө угаах гэмт хэрэгтэй амжилттай тэмцэж байна.

  • Санхүүгийн хүртээмжийг сайжруулна.

ТБДМ-д тулгуурласан систем нэвтэрснээр иргэд заавал банканд очиж данс нээлгэлгүйгээр ТБДМ ашиглах боломжтой болж, санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ. Бэлэн мөнгө дижитал болж хувирснаар мөнгийг хадгалах (банканд данс нээлгүйгээр), зээл авах болон бусад санхүүгийн бүтээгдэхүүн худалдан авахад илүү хялбар болно. Жишээлбэл Ямайка улс ТБДМ бий болгож байгаа нэг гол зорилго нь энэ. Ямайкийн төв банкны орлогч захирал Натали Хэйнес “Ямайкчуудын дийлэнх хэсэг нь санхүүгийн үйлчилгээ хүртэж чаддаггүй. Эдгээр иргэдийг албан ёсны санхүүгийн системд хамруулахын тулд төв банк дижитал дэвсгэрт гаргахаар шийдсэн” хэмээн мэдэгдсэн.

Энэхүү санхүүгийн хүртээмжийн асуудал нь засгийн газар болон төв банкуудын хувьд хамгийн чухал хүчин зүйл юм. Гэвч хоёр асуудлыг шийдэх ёстой. Нэгдүгээрт, банканд мөнгөө хадгалдаггүй иргэдийн хувьд хэрхэн дижитал мөнгийг ашиглах вэ? Хоёрдугаарт, интернет эсвэл цахилгаан сүлжээнд холбогдоогүй иргэд хэрхэн ТБДМ ашиглах вэ? Энэхүү хоёр тулгамдсан асуудлыг шийдэж чадвал дэлхийн санхүүгийн тогтолцоонд нэгэн хувьсал гарахад бэлэн болжээ. Монгол Улс дижитал төгрөгтэй болоход бэлэн үү?